News

Friday, June 27, 2008

ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ҮГ ХЭЛЛЭЭ


Улаанбаатар. /МОНЦАМЭ. Албан/ УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэллээ. Эрхэм хүндэт сонгогчид оо,

Сонгуулийн бүх шатны хорооны гишүүд ээ,

Манай орны улс төрийн амьдралын энэ жилийн онцлох үйл явдлын нэг - УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр хоёрхон хоногийн дараа болох гэж байна.

Монгол Улсын "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого" -ын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлж, эхний үр дүнг нь богино хугацаанд гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой УИХ-ыг сонгож байгуулах гэж байгаагаараа энэхүү ээлжит сонгууль нэн хариуцлагатай бөгөөд онцлогтой юм. Энэ удаагийн 3лсын Их Хурлын ээлжит сонгуульд 10 гаруй нам, эвслээс болон бие дааж нэр дэвшсэн 350 гаруй нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн 26 тойрог дээр өрсөлдөж, өнөөдөр хуулийн дагуу сурталчилгаагаа өндөрлөх гэж байна. Сонгууль бол манай иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, төрийг удирдах хэрэгт шууд оролцох өргөн боломжийг нээж өгдөг улс төрийн эрх, эрх чөлөөний нэгэн чухал баталгаа мөн. Гэхдээ ард түмэн дөрвөн жилд нэг л удаа УИХ-ыг сонгож, төрийн их үйл хэргийг шийддэг бөгөөд оновол хөгжил дэвшил эрчимтэй урагшилдаг, алдвал мөн төдий хэмжээгээр ухардаг болох нь та бидний туулж өнгөрүүлсэн он жилүүдийн туршлага, сургамжаас бэлхнээ харагддаг. Иймд манай сонгогчид улам ухааран хэрсүүжиж, өмнөх сонголтуудынхаа оноо, алдааг эргэцүүлэн тунгааж, тун хариуцлагатай сонголт хийнэ гэдэгт Төрийн тэргүүн би итгэж байна.

Парламентын гишүүнд тавигддаг хууль тогтоох хийгээд улс төр, эдийн засаг, төрийн удирдлагын талаархи мэдлэгийн шалгуурыг хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, аливаад улсынхаа эрх ашгийг урьтал болгох, түмний итгэлийг даах чадвартай, сонгогчдоо хүндлэх соёлтой, ам, ажил хоёр нь зөрдөггүй, гарын бэлтэй гэхээсээ гавлын тэнхээтэй, ажил амьдралын зохих дадлага туршлагатай, бас эрч хүчтэй хүмүүсийг шилж сонгож нэр дэвшүүлэх нь улс төрийн нам, эвслүүдээс төрийн шинэчлэлд оруулах түүхэн гавъяа байх болно гэж би Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн. Одоо нэр дэвшигчид хийгээд нам, эвслийн чансааг сонгогчид л тодорхойлох үлдлээ. Авиа гаргах ам байвч ачаа даах тэнхээгүй, эе эвийг гэхээсээ эвдрэл самууныг урьтал болгодог хүмүүс гарч ирж, түмэн олон төр, засгийг бүү үймүүлээсэй гэж сонгогчид хүсч байгаа нь ойлгомжтой. УИХ-ыг улс төр-бизнесийн бүлэглэлээс ангид цэвэр байлгах нь ч бас нийгмийн захиалга болжээ. Учир иймээс улс орны эрчимтэй хөгжлийн хувь заяаны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, зүтгэлээ ажил амжилт болгож чадах, ир нь ханаж бэлтгэгдсэн, итгэл үнэмшил нь олонд үнэлэгдэж танигдсан, оюунлаг, туршлагатай, шудрага хүмүүс сонгогдож Улсын Их Хурлыг бүрдүүлээсэй хэмээн би хүсч байна.

Сонгуулийн Ерөнхий хороо хуульд заасан үүргээ нямбай гүйцэтгэж сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу алдаа мадаг огт гаргалгүй өндөр хэмжээнд зохион байгуулах ёстой.

Сонгогчид саналаа өгөхөд хөндлөнгөөс шахалт дарамт үзүүлэх, санал тоолох болон дүнг нэгтгэх ажлыг будлиантуулах, санал хураалтыг хүчингүй болгуулахыг оролдох зэрэг зохисгүй үйлдэл бүрийг цаг тухайд нь таслан зогсоож, нэн хариуцлагатай ажиллахыг бүх шатны засаг захиргааны ба хууль сахиулах байгууллагууд, сонгуулийн хороод, тэнд төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй бүх хүнд онцгойлон анхааруулъя.

Нөгөө талаас, сонгуулийн хороодын үйл ажиллагааг үл тоомсорлох, түүнийг хууль ёсны бус мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэх, элдэв хууль бус шахалт үзүүлэх гэж оролдох нь сонгогчдын идэвхийг сулруулж, тэдний санаа бодлыг хоёрдуулах, талцуулах байдалд хүргэхээс эхлээд хожмын уршигт үр дагавартай болохыг бас хаана хаанаа анхаарвал зохино.

Манай орны нийт сонгогчид оо,

Эцсийн эцэст сонгуулийн үр дүнгийн сайн, мууг амсах жинхэнэ эзэд нь сонгогчид билээ. Худал, хийсвэр үг яриагаар урвуулан татах, мөнгө төгрөг, эд хөрөнгөөр авлигадах, архи дарсаар тал засах гэх мэт урьд өмнөх сонгуулиудын үеэр хэрэглэгдэж байсан, сонгогчдыг басамжилсан элдэв башир арга энэ удаа ч давтагдаж байгаа талаар сонгуулийн кампанит ажлын үеэр хангалттай ярьж, бичлээ. Тийм учраас сонгогчид маань Үндсэн хуулиар олгосон төрийг төлөөллийн байгууллагаараа уламжлан удирдах хамгийн нандин чухал эрхээ энэ мэт амьдралд нэмэргүй, алс хэтдээ хор болж, хөгжлийг туших зүйлээр арилжиж худалдахгүй, дээр хэлсэн шалгуураар нэр дэвшигч болгоныг дэнсэлж, дээд хөгжилд чухам хэн хөтөлж чадах вэ гэдгийг цэгнэж, ёстой л долоо хэмжиж, нэг огтлохын зарчимаар сонголтоо хийж, "олны хүч оломгүй далай" гэдгийг харуулах цаг болсныг сануулж байна.

Та биднийг эвийн тэнгэр ивээж, сонгууль шударга, сонголт мэргэн болох болтугай.

0 Сэтгэгдэл: