News

Monday, June 23, 2008

Нэгнийгээ яльгүй будилахад нь ухамсрын шанаа хүртээж ухааны нь эргүүг гаргачихаад хөтлөлцөөд явчих юм.

Дааган мориндоо сундалдан давхиж даалимбан дээлээ хуваан нөмөрч өссөн эртний хоёр анд тэврэлдэн уулзав. Манан хөөрөг гар дамжиж мань хоёр намтар түүх дэлгэн хуучилж гарав.

Тэдний яриаг инээдэм наргиан, баяр бахдал, харамсал гашуудал, бас хэдэн жил ч гэхнээ амьд явахсан гэсэн хүсэл шунал хачирлан чимэглэнэ. Ойролцоох зоогойд морилж тав таван жил амьд яваа гэж залбиран тавь тавин грамм сархад өргөн ерөөлийн үг урсаж ертөнцийн жаргал мандан байхуй мөчид чөтгөрийн атаархал завсраар нь шургах нь тэр…

Өндөр өвгөний зантгар нударга намхан өвгөний нармайн тус падхийн тусахуй дор улаан шунх ширээнээ под под дусалж, усан болор жүнз шалнаа жингэнэн бутрав. Мэдээж цагдаагийн газар, эрүүлжүүлэх, байцаалт мэдүүлэг…

-Энэ муу эргүү толгойт зөрүүдлэснээс ийм хэрэг мандав. Миний буруу.

-Аль нь их вэ, ахиуг нь сонго гэж энэ лүд үлгэр оньсого таалгаад…

-Нэг сая их үү, нэг сая таван зуун мянга нь их үү? гэж үүнээс асуусан чинь “бодъё” гэж өврөөсөө тооны машин гаргаж пээдийгээд дургүй хүргэчихгүй юү?

-Одоо би ойлгосоон. АН-ын нэг сая яах вэ. Түүнээс таван зуун мянган төгрөгөөр илүү Ах намын нэг сая таван зуун мянгыг нь хүртье. Авсан бол өгдөг нь жам. Саналаа ч өгье!

-Багадаа сургуулийн тооны аварга шүү юм байсан гэсэндээ зөв хариу гаргалаа.

-Унаган найзаасаа жавтийг хүртэж байж ухааны самуурал арилав. Одоо хоёр ах нь зам хазайхгүй ээ. Явах уу даа…

Үгүй энэ өвгөд үү. Нэгнийгээ яльгүй будилахад нь ухамсрын шанаа хүртээж ухааны нь эргүүг гаргачихаад хөтлөлцөөд явчих юм. Монгол ухаан л юм даа… гэж цагдаа залуу бясалгасаар хоцорвой.


0 Сэтгэгдэл: